сонирхол

Лидер улс төрч болох зарчимууд

09:56 , 2010-03-01 .. Бичигдсэн: миний дуртай .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ноёноос хэзээ ч давж гарч болохгүй. Өөрөөр хэлбэл хамгийн гол хүн тэр дээрх байр суурин дээрээ тохитой сууж байх ёстой. Түүнд сэтгэгдэл төрүүлэх юмуу түүний ая данд нийцүүлэх гэж хичээхдээ хэтрүүлж болохгүй. Ялангуяа авъяас чадвараа гайхуулахдаа болгоомжтой байгаарай. Эс тэгвэл эсрэг үр дүнд хүрдэг. Ноёнд айдас юмуу үл итгэх байдал төрүүлж орхивол аюултай. Өөрөөсөө дээш хүмүүсийг байгаагаасаа илүү гялалзахад нь туслаарай. Тэр цагт та өөрөө эрх мэдлийн оргилд хүрнэ.

-Найз нөхдөд хэзээ ч хэмжээ хязгааргүй итгэж болохгүй. Дайснуудаа ашиглаж сур. Найз нартайгаа болгоомжтой бай. Тэд атаа жөтөөнд амархан автах тул таныг худалдах нь хурдан. Нөгөөтэйгүүр тэд мангас юмуу эрх танхи нэгэн болохдоо түргэн. Та өөртөө зүтгүүлэхээр хуучин дайснаа дуудаарай. Тэд танд ямар нэг зүйл батлах хэрэгтэй учраас найз нөхдөөс илүү уян байх болно. Үнэн хэрэгтээ та дайснаасаа илүү найз нөхдөөсөө айх хэрэгтэй. Хэрэв та дайсангүй бол дайсантай болох аргыг бодож олоорой.

-Зорилгоо нууж бай. Хүмүүсийг харанхуй байлга. Өөрийн үйлдлийн далд зорилгыг хэзээ ч бүү нээ. Хүмүүсийг тогтворгүй тэнцвэргүй байдалд байлга. Таны ямар алхам хийх хүсэлтэй байгааг мэдэхгүйн улмаас тэд хамгаалалтаа хангаж чадахгүй. Тэднийг буруу мөр хөөлгөж мананд төөрүүлж байгаарай. Таны жинхэнэ зорилгыг мэдэх үед бүх юм оройтсон байх болно.

-Хэрэгтэй гэснээсээ үргэлж бага ярь. Хэл яриагаараа хүмүүст сэтгэгдэл төрүүлэх гэж хүсэх үедээ их ярихын хэрээр хүч чадалгүй бусадтай адил мэт харагддаг гэдгийг санаж яваарай. Улиг болсон зүйлийг ярихдаа хүртэл таашгүй, ямар нэг тайлалгүй, тодорхой бус ярьж чадвал та бусдаас ондоо харагдана. Нөлөө бүхий хүмүүс юмыг дандаа дутуу ярьдагийн улмаас айдас түгээж сэтгэгдэл төрүүлж байдаг. Та их ярихын хэрээр тэнэг юм хэлэх магадлал өндөрсөнө.

-Нэр төрөөс маш их юм хамаардаг. Нэр төр бол амь насны үнэтэй. Нэр төр өөрөө эрх мэдлийн тулгын чулуу юм. Нэр төрийн ачаар та айдас төрүүлж улмаар ялах болно. Харин нэр төр ганхах юм бол та эмзэг болж тал бүрээс довтолгоонд өртөнө. Нэр төрөө бат бөх байлгаарай. Болзошгүй довтолгооныг сонор сэрэмжтэй хүлээж довтолгоонд өртөхөөсөө өмнө тас цохиж бай. Дайсныхаа нэр хүнд дотор өчүүхэн хар будааг олж улмаар жагсаалаас гаргаж сур. Дараа нь өөрөө холхон очиж зогсоод нийгэм түүнийг хэрхэн тасар татахыг харж боломж олгох хэрэгтэй.

-Анхаарлыг ямар ч үнээр хамаагүй олж ав. Бүхнийг гаднах төрхөөр нь шүүдэг. Нүдэнд харагдахгүй юм бол ямар ч үнэ цэнэгүй. Тиймээс саарал өнгөтэй олны дунд уусч болохгүй. Тодор, ямар ч үнээр хамаагүй нүдэнд тус. Соронз шиг олны харааг тат. Таны эргэн тойронд байгаа олон төлөв даруу эелдэг хүмүүсээс илүү таавар мэт, илүү гоё сайхан, илүү том харагдах ёстой.

-Бусдыг өөрийнхөө төлөө ажиллуулж үр дүнг нь ашигла. Өөрийн ажлыг урагшлуулахын тулд бусад хүмүүсийн ухаан, мэдлэг ба гүйдлийг ашиглаарай. Ийм тусламж таны үнэт цаг ба хүчийг хэмнэхийн хажуугаар танд бүхнийг амжуулдаг хүний бурханлаг төрхийг хайрлана. Таны туслагч нарыг бүгд мартана. Харин таныг дандаа санах болно. Бусад хүн таны өмнөөс хийж чадах тийм ажлыг хэзээ ч бүү хий.

-Хүмүүсийг өөртөө ойрхон байлга. Хэрэгтэй бол урхи хэрэглэ. Бусад хүмүүсээр үйлдэл хийлгэх үед та хүчтэй байх болно. Эсрэг хүн хувийн төлөвлөгөөгөө өөрчилж тан дээр ирэх нь хамгийн ашигтай үйлдэл. Түүнд үлгэрийн ашиг амлаж довтол. Таны гарт бүх хөзөр бий.

-Амжилтанд үйл хэргээр хүрч бай. Маргаан сөргөлдөөний үед олж авсан мэт санагдсан хоромхон зуурын амжилт хөөс болох нь амархан. Түүний оронд нэг ч үг хэлэлгүй харин үйлдэл хийж бусдыг зөвшөөрүүлэх нь хавьгүй илүү үр дүнтэй. Тайлбарлах биш үзүүлэх хэрэгтэй.

-Баясал цэнгэлгүй азгүй хүмүүсийн халдвараас зугт. Хэн нэг гадны хүний бүтэлгүй бүхэн таныг сүйтгэж мэднэ. Учир нь сэтгэл санааны байдал нь яг өвчин шиг халдвартай. Живж байгаа хүнийг аврахаар ухасхийгч үнэн хэрэгтээ өөрийн үхлийг ойртуулж байдаг. Аз жаргалгүй хүмүүс гай зовлонгоо бусдад халдааж байдаг. Тиймээс та азтай, бас аз жаргалтай хүмүүстэй ойрхон алхаж байгаарай.

-Хүмүүс чамаас хамаатай байхыг хичээ. Та бусдад хэрэгтэй чухал хүн байхын хэрээр бусдаас хамааралгүй болдог. Танд найдахын хэрээр та илүү эрх чөлөөтэй болно. Бусдын аж жаргал ба хөгжил цэцэглэл танаас хамааралтай байдалд оруул. Тэр цагт айх юмгүй болно. Хүмүүсийг өөрийн хүчээр хийж чаддаггүй байлгахын тулд тэдэнд дандаа дутуу зааж өгөх хэрэгтэй.

-Заримдаа олзоо гар нүцгэн болгохын тулд шударга өгөөмөр байдал гарга. Нэг шударга алхам хэдэн арван шударга бус алхамаас илүү. Шударга ба өгөөмөр байдлын илэрхийлэл нь хамгийн хартай дайсны сонор сэрэмжийг бөхөөдөг. Таны шударга байдал хуягийг нэвт цохих цагт та хүмүүсийг хуурч, хүссэнээрээ залж болно. Цагийг нь олж барьсан бэлэг бас яг ийм зорилготой байдаг.

-Хүмүүсээс тусламж гуйхдаа тэднээс сайхан өгөөмөр сэтгэл юмуу өрөвч занг хэзээ ч бүү хүлээ. Хэн ч ингэхгүй. Түүний оронд өөрийнх нь хүсэл шуналыг өдөөх ёстой. Та урьд өмнө түүний ажил хэрэгт сайтар тусалсан байж болно. Одоо түүнээс тусламж гуйх гэж яваа бол өнгөрсөн ачлалаа ярих хэрэг огт үгүй. Тэр яаж ийгээд л танаас зугтана. Түүний оронд хүсэлт тавих, хэлэлцээ хийх үедээ түүнд ашигтай ямар нэг талыг харуулах ёстой. Энэ ашгийг жолоогүй магтах учиртай. Тэр цагт өнөөх хүн таны саналыг идэвхитэй дэмжинэ. Яагаад гэвэл өөрт нь ашигтай учир.

-Найзын дүрд тоглож тагнуулч шиг аашил. Өрсөлдөгчөө мэдэх нь маш чухал. Үнэт мэдээлэл цуглуулахын тулд тагнуулчидыг ашигла. Ингэснээр та дайснаасаа нэг алхамын урд явах болно. Өөрөө тагнуулч болох юм бол бүр сайн. Эелдэг эрхэмсэг яриа өрнүүлэх замаар далд санаагаа халхалж сураарай. Шууд биш  тойруу асуулт тавь. Хариулт нь тэр хүний зорилго болоод сул талыг нээж өгнө. Ямар ч нөхцөлд сайн мөрдлөгө явуулах боломж байдгийг сана.

-Дайснаа бут цохиж бай. Анх хүн үүссэн тэр цагаас хойш дайснаа дахин толгой өндийхөөргүй бут цохих ёстойг үе үеийн агуу удирдагчид мэдэх болжээ. Энэ мэдлэг хүнд гашуун туршлагуудын үр дүн юм. Дөнгөж ёлтолзож байгаа ганц ширхэг оч үлдээсэн ч эцэст нь гал болон асна. Замдаа зогссон дайчин дайснаа бүрэн бут цохихоос илүү ихийг хожим алдана. Дайсан сэргээд өшөө авна. Дайсныг зөвхөн бие махбодийн хувьд биш сэтгэл санааны хувьд ч бүрэн цохих ёстой.

-Өөрийн эзгүй байгааг ашиглан нэр төр ба алдар хүндээ өсгөх хэрэгтэй. Олны дунд хэт идэвхитэй эргэлдэх нь таны үнэ цэнийг унагана. Та хэт их харагдаж сонсогдохын хэрээр ердийн нэгэн мэт санагдана. Та нэгэнт тодорхой байр суурьт хүрсэн бол түр хугацаагаар алга болох нь таны тухай их ярих, тэр бүү хэл танаар бахдах уур амьсгалыг үүсгэдэг. Гагцхүү хэзээ явахаа тодорхойлж сурах хэрэгтэй. Аливаа юм хомсдолд орох үед үнэ цэнэ нь өсдөг билээ.

-Цаг үргэлж урьдчилан таашгүй уур амьсгалыг бүрдүүлж бай. Хүн гэдэг бол бусдын үйлдэлээс сайн танил зүйлээ хайж олохын донтой амьтан юм. Урьдчилан тааж болох байдал нь хүмүүсийн хувьд таныг хяналтандаа байлгах мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр та урьдчилан таашгүй байх ёстой. Харахад ямар ч утга учиргүй мэт ийш тийш үсчсэн замбараагүй үйлдэл хүмүүсийн тэнцвэрийг алдагдуулж таны үйлдлийг тайлбарлах оролдлого хийн тэвчээрээ барахад хүргэнэ.

-Өөрийгөө хамгаалахын тулд хана хэрэм бүү босгоорой. Өөрийгөө тусгаарлах нь нэн аюултай. Хорвоо дэлхий аюулаар дүүрэн. Энд тэндгүй дайснууд бий. Хүн бүр л өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Уг нь бат бөх хэрэм цайз хамгийн найдвартай хорогдох байр мэт санагдаж байна. Гэтэл ингэж тусгаарлах нь биднийг хамгаалахаас илүү улам илүү аюулд учруулж байдаг. Үнэтэй мэдээлэл авах боломжийг хааж бас эмзэг хэтэрхий тод бай болгоно. Хүмүүсийн дунд байж холбоотон олох нь чухал. Дайснуудаас өөрийгөө хүмүүсээр халхалж яг бамбай шиг ашиглаж сураарай.

-Хэнтэй учирсанаа мэдэж бай. Болохгүй хүнийг гомдоочих вий дээ. Энэ хорвоо дээр янз бүрийн зан араншинтай хүмүүс байдаг. Таны нэг төрлийн аргад хүн бүр ижил хариу үзүүлэхгүй. Та хэн нэгнийг айлгаж, хэн нэгнийг зальдаж болно. Гэтэл зарим нь дуугүй өнгөрөх атал нөгөө нэг нь үхэн үхэтлээ өшөө авдаг. Хонины арьстай чононууд олон. Тиймээс сөргөлдөгч юмуу олзоо сонгохдоо нягт байх ёстой. Болохгүй хүнийг гомдоохоос болгоомжил.

-Хэнтэй ч бүү нэгд. Хамгийн тэнэг хүн л аль нэг талыг барьдаг. Өөрөөсөө өөр хэнд ч бүү итгэ. Ялангуяа үүрэг амлалтаар бусадтай өөрийгөө гагнаж болохгүй. Тусгаар байдлыг хадгалсанаар та эрх мэдэлтэй байх болно. Хүмүүсийг хооронд нь сөргөлдүүлэхэд тэд таны араас дагах болно.

-Мунхагийг хуурахын тулд мунхаг мэт аашил. Тэнэгийг зальдахын тулд түүнээс илүү тэнэг харагд. Яагаад гэвэл адгийн тэнэг ч бусдаас тэнэг гэдгээ хүлээдэггүй. Тэгэхээр бусдыг ухаантай мэт санагдуулж чадаж байгаа хүн илүү зальтай. Зүгээр нэг ухаантай биш танаас илүү ухаантай мэт сэтгэгдэл өөрт нь төрүүлж чадвал та зальтан. Ингэж итгэсэн хүн таньд далд санаа байгаа гэдгийг хэзээ ч сэжиглэхгүй.

-Үг дуугүй бууж өгөх арга хэрэглэ. Сул талыг хүч болгож сур. Хэрэв та сул дорой байгаа бол зөвхөн нэрээ бодон тулалдах хэрэггүй. Түүний оронд үг дуугүй бууж өг. Бууж өгсөнөөр та шархаа нөхөх цагтай болно. Мөн дайснаа зовоох тав тухыг нь алдуулах улмаар хүч чадал нь барагдахыг хүлээх цагтай болно. Таныг бүрэн төгс ялж таашаал авах боломж бүү өг. Түүнээс өмнө бууж өг. Бууж өгөлт нь эрх мэдлийн зэвсэг болох тохиолдол тун олон.

-Хүчээ төвлөрүүл. Хамаг чадал, эрч хүчээ төвлөрүүлж хадгал. Нэг бяцхан уурхайнаас нөгөө бяцхан уурхай руу шилжиж хамаг хүчээ барахын оронд ашигт малтмалын том судас барьж хөөх нь илүү үр дүнд хүрдэг билээ. Хамаг хүчээ төвлөрүүлж байгаад таныг өндөрт гаргах нэг л түлхүүрийг барьж авах ёстой. Олон үнээ биш сүүтэй ганц үнээ эзнээ он удаан жил тэжээдэг билээ.

-Яг ордны хүн шиг аяглаж сур. Жинхэнэ ордны эрхэм улс төрийн хор найруулга, эрх мэдлийн тогоон дотор цэцэглэж чаддаг. Энэ хүн далд утгын мастер. Тэр бялдууч. Тэр ухарч бууж өгнө. Бас барьцгүй, их гоёмсог аягласаар нэг л мэдэхэд бусдын дээр гарчихсан байдаг. Ордны хуулийг судалж хэрэглэсэн тохиолдолд та зогсолтгүй өсөх болно.

-Өөрийгөө дахин бүтээ. Нийгэм танд тулгаж байгаа дүрд бүү хувир. Өөрийгөө дахиад бүтээх ёстой. Олон нийтийг хэзээ ч уйдаахгүй, тэдний анхаарлыг байнга татах шинэ хувь хүнийг зор. Бусад хүмүүс таныг тодорхойлохын оронд та өөрөө гадаад төрхийнхөө бүтээгч байсан нь дээр. Таны олон нийтийн ажил хэр яваа, олны өмнө гарах байдал жүжигчин мэт байвал зохино. Таны эрх мэдэл нэмэгдэж таны дүр төрх амьдралаас илүү агуу мэт үзэгдэх болно.

-Гараа цэвэр байлга. Та ажлын чадавхиа журамт байдлын үлгэр жишээ байх ёстой. Таны гар бохир үйл хэрэг болоод алдаанд сэвтээгүй. Толбо суугаагүй энэ төрхийг хадгал. Хүний гараар могой барьж өөрийн оролцоог нууж сур.

-Хүмүүсийн хэрэгцээн дээр тоглож таны шүтэн бишрэгчидийн армийг бий болго. Угаасаа хүмүүс ямар нэг юманд итгэх агуу хүсэлтэй байдаг. Ийм хүсэл нь бол. Тэдэнд шинэ итгэл өгч дагуул. Таны яриа тодорхой бус мөртлөө их ирээдүйтэй байх ёстой. Оюун санааны хурц тод байдал болоод ухаанаас сэтгэл хөдлөлийг дээр тавь. Танд итгэж дагасан хүмүүст ёс заншил бий болго. Тэд энэ ёс заншилыг гүйцэтгэж таны өмнөөс золиосонд гарахад бэлэн болно. Зохион байгуулалттай шашин ба даган дууриах агуу жишээнүүд үгүй газарт таны итгэл үнэмшилийн шинэ систем хэмжээлшгүй эрх мэдлийг дагуулж авчирна.

-Ажил хэрэгтээ ямар ч эргэлзээгүй орж бай. Хэрэв ажил хэрэг хэрхэн явагдахад итгэлгүй байгаа бол эхлэхийн хэрэггүй. Таны эргэлзээ тээнэгэлзэл гүйцэтгэлд саад болно. Эргэлзэх аюултай. Итгэлтэй эхэлбэл дээр. Зоригтой хүн л хотыг эзэлдэг гэдэг. Даруу зан нэр төр авчирах нь ховор.

-Бүхнийг дуустал нь төлөвлө. Төгсгөл бол хамгийн гол нь. Түүнд хүрэх бүх замыг төлөвлө. Таны хүнд хөдөлмөрийг юу ч биш болгож алдар нэр бусдад очиж мэдэх бүх азгүй тохиолдол, саад бэрхшээл, үр дагаврыг тооцоол. Хэрэв та бүхнийг дуустал бодсон бол аливаа нөхцөл байдал таныг зогсоохгүй ба хаана зогсохоо та өөрөө мэднэ. Олон нүүдлийн цаадахийг бодож ирээдүйг тодорхойлж, азийг хөнгөхөн чангаа.

-Амжилтанд хүрэхдээ зүдэрсэн байдал бүү харуул. Таны үйлдэл хөнгөхөн хийгдэж буй байх ёстой зүйл мэт л санагдах учиртай. Түүнд оруулсан бүх заль мэх хөлс хөдөлмөрөө нуу. Хүн харахад нэг их хүч гаргалгүй хүрсэн мэт бай. Бүр өчнөөн ихийг хийж чадах мэт. Хичнээн их хөдөлмөрлөсөн гэх мэт сагсуу яриаг хэзээ ч бүү дурс. Өөрийн арга залийг хэнд ч бүү ярь. Эс тэгвэл таны эсрэг хэрэглэх болно.

-Бүх замуудыг хяна. Бусад хүмүүс таны тараасан хөзрөөр л тоглох ёстой. Хүмүүс өөрсдөө сонголт хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх нь шилдэг хууралт юм. Таны олз сонголт хийх эрх чөлөөтэй мэтээр төсөөлөх ёстой. Үнэн хэрэгтээ тэд ердөө л утсан хүүхэлдэй юм. Ямар ч сонголт хийсэн та хожих тийм замуудыг заа. Хүн хоёр зовлонгийн багыг нь сонгодог. Харин сонгосон зам нь таны зорилгод үйлчлэх учиртай. Хаашаа ч явсан шүд дүүрэн байх тийм л замыг хүмүүсийн өмнө тавь.

-Хүмүүсийн мөрөөдөл дээр тогло. Үнэн гэдэг өөрөө үзэшгүй муухай болоод царай муутай тул бүгд зугтдаг. Хэрэв та хүсэл мөрөөдөл нь нурсан хүмүүсийн уур хилэнд шатахыг үл хүсвэл үнэн болоод бодит байдлыг бүү ярь. Амьдрал өөрөө их харгис хатуу бөгөөд гашуун билээ. Тиймээс хүмүүс цөлийн дундах баян бүрд шиг мөрөөдлийн арал үүсгээд түүндээ тэмүүлдэг. Олон нийтийн мөрөөдлийг залах нь агуу эрх мэдэл юм.

-Хүн бүрийн сул талыг мэдэж бай. Хүн болгонд сул тал бий. Хана болгонд цууралт бий. Бусдаас нууж эдэлдэг бяцхан жаргал, их шунал, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй байдал, уур хилэн, өөртөө итгэлгүй хулчгар гээд хүн болгонд бий. Сул талыг нь олох л юм бол түүн дээр байнга дарж тамлан өөртөө ашиг гаргана.

-Хаан шиг биеэ авч яв. Тэгвэл хүмүүс хаан шиг хандах болно. Та өөрийгөө ямар байдлаар барьснаас хүмүүс хэрхэн хандах нь тодорхойлогддог. Шалиг дорой, саарал амьтан харагдах юм бол хэн ч хүндлэхгүй. Хаан өөрөө өөрийгөө хүндлэх бөгөөд бусдаас үүнийг шаарддаг. Итгэлтэй, эрхэмсэг байснаар тэтим өмсөх нь зөвхөн таны хувь зохиол мэт сэтгэгдэлийг бусдад төрүүлнэ.

-Цагийг удирдах аргыг эзэмш. Яарч байгаагаа хэзээ ч бүү харуул. Яарах нь өөрийн цаг болоод өөрийгөө удирдаж чадахгүй хүний шинж юм. Үргэлж тайван бай. Эцсийн эцэст бүх юм таны гарт өөрөө ороод ирэхийг мэдэж байгаа мэт бай. Цагийн өнгө аяс, тухайн үеийн урсгалыг мэдэрч таныг эрх мэдэлд хүргэх тэр мөчийг олж сур. Цаг нь ирээгүй бол хажуу тийш зайл. Харин цаг нь ирвэл бүх хүчээрээ тэмц.

-Эзэмшиж чадахгүй зүйлээ жигш. Үл тоох нь шилдэг өшөө авалт. Жижиг зүйлийг том асуудал болгосноор түүнийг амьдруулж хүч чадал өгнө. Дайсандаа анхаарахын хэрээр тэр хүчирхэг болдог. Жижиг алдааг засах гэж оролдох үед илүү том томруун болж ирдэг. Байгаагаар нь хаях нь ихэнхидээ зөв. Та хүсч байгаа боловч өөрийн болгож чадахгүй ямар нэг зүйл байгаа бол үл тоо. Та сонирхохоо байхын хэрээр бусдын хувьд үл хүрэх оргил мэт санагдаж эхэлнэ.

-Мартагдашгүй үзэгдэл төрүүл. Хурц гадаад төрх, бэлиг дэмбэрэлтэй гоёмсог үйл хөдлөл нь эрх мэдлийн төсөөллийг бий болгоно. Тиймээс эргэн тойронд байгаа хүмүүсийн дунд жүжиг тавих ба тэр жүжиг нь гэрэл цацруулсан, хараа булаасан, сэтгэл хөвсөлзүүлсэн үйлдлээр дүүрэн байх ёстой. Энэ бүхэн таны оролцоог улам тодруулна. Нүд гялбуулсан туяан дунд та үнэн хэрэгтээ өчүүхэн багыг хийсэн гэдгийг хэн ч олж харахгүй.

-Хүссэнээ бодож, харин бүхэн шиг хөдөл. Та цаг хугацаанаас өрсөж, өнөө үеийг эсэргүүцэж, хэний ч толгойд төрөөгүй санаа ярьж, хэнд ч боломжгүй мэт санагдах замыг заах тусам хүмүүс таныг үнэлэхээ болино. Тэд таныг өөрийгөө хэт өндөрт тавьж худал дүрэмдэхээс өөр юмгүй хүн хэмээн дүгнэдэг. Бас өөрийгөө өндөрт тавьсны чинь төлөө хүмүүс таныг шийтгэх болно. Түүний оронд олон түмэнтэй хутгалдаж, тэдэн шиг сэтгэж байгаа мэт байхын хэрээр аюулгүй. Харин өөрийн өвөрмөц бодол санааг хамгийн тэвчээртэй найз юмуу энэ бүхэн гарцаагүй таалагдах хүнд яриарай.

-Загас барихын тулд усыг булингартуулдаг. Уур хилэн бол эрх мэдэлд хүрэх гэж байгаа хүний хамгийн хэрэггүй дайсан. Хэрэв та эрх мэдэлд хүрэхийг хүсч байгаа бол цаг үргэлж тайван байх ёстой. Таны тайван байгаагийн хэрээр дайсан улам уурлах ба эцсийн дүнд та маргашгүй давуу талтай болдог. Дайсныхаа санаа бодол дотроос сул эмзэг талыг олж түүгээр оролдох нь дайсны уурыг хүргэж таны дэгээнд орсон загас болгоно.

-Үнэгүй өдрийн хоолноос шууд татгалзаж бай. Үнэгүй санал болгож байгаа бүхэн аюултай. Үүний цаана шилдэг заль нуугдана. Эсвэл таныг дөрлөх гэж байна. Юм бүхэн үнэтэй. Төлбөрөө дор нь хийсэн хүн бусдын өмнө өртэй болж, түүнд талархах, долигнох эсвэл хууран мэхлэх шаардлагагүй болно. Ер нь эрх мэдэлд хүрэх гэж байгаа хүн төлбөрөө шууд бүрэн хийх нь ухаалаг алхам байдаг. Хэмнэхийн хажуугаар эрх мэдлийн тавцан дээр гялалзах боломжгүй. Хэрэв эрх мэдэлд хүрэх гэж байгаа бол мөнгийг бүү хайрла. Мөнгө таны төлөө ажиллах ёстой. Өгөөмөр зан бол эрх мэдэлтэй хүний үндсэн шинж. Бас өгөөмөр зан л эрх мэдлийг дагуулж авчирдаг.

-Агуу хүмүүсийн мөрөөр бүү алх. Хамгийн анхны юм үргэлж илүү, үргэлж өвөрмөц санагдах ба хожим гарч ирсэн бүхнээс дээр мэт байдаг. Та агуу хүний үргэлжлэл, эсвэл агуу хүний хүүхэд бол тэднээс илүү харагдахын тулд тэдний амжилтыг хоёр дахин нугалах хэрэг гарна. Агуу хүний сүүдэрт орвол түүний өнгөрсөн дотор холилдож алга болно. Өөрийн нэр ба хувь хүнийг бүтээж чадах ёстой. Эрх мэдэлтэй эцгээс татгалз. Аавын бүүдгэр гэрэлд биш, харин өөрөөсөө гэрэл цацруулж чадвал эрх мэдэлд хүрнэ.

-Ихэнхидээ ганцхан хүчирхэг хувь хүн маш их гай тарьдаг. Өөрийгөө хэт өндөрт тавьсан, амгалан байдлыг эвдэгч, нийгмийг үймүүлэгч нэг л хүн гай авчирна. Ийм хүмүүст хөдлөх талбар өгчих юм бол бүх хүмүүс түүний нөлөөнд автдаг. Тэдний гай өсөхийг дуугүй хүлээх хэрэггүй. Тэдэнтэй тохиролцох гэж бүү оролд. Ямар ч найдваргүй. Тэднийг олноос ямар нэг аргаар тусгаарлаж, олноор жигшүүлэх замаар нөлөөг саармагжуулна. Манлайлагчийг зайлуулмагц хүрээлэгчид нь тарж зугтдаг. Малчинг буудчихвал хонин сүрэг тарж одох мэт.

-Хүмүүсийн ухаан болоод зүрхийг эзэмд. Хүчирхийлэл эцсийн дүнд таны эсрэг эргэнэ. Хүмүүс таны зүгт хөдөлхүйц хорхойг нь төрүүл. Ийм хүмүүс үнэнч цэрэг болдог. Хүмүүсийн хорхойг хүргэхийн тулд сул тал болоод сэтгэл зүйн хувийн онцлог дээр нь тоглоно. Сэтгэлээр нь тоглож эсэргүүцлийг сулруулна. Хүмүүсийн айдас болоод үнэт зүйлсээр нь тоглох ёстой. Хүний ухаан ба зүрхийг тоохгүй байвал эцэст нь тэд таныг үзэн ядна.

-Толины нөлөөний тусламжтай хүмүүсийн гарыг хоосолж уурыг хүргэ. Толь бодит байдлыг тусган харуулдаг. Нөгөө талаар нь толь нь хууран мэхлэх шилдэг хэрэгсэл юм. Та дайснуудынхаа үйлдлийг толь шиг дууриаж давтах аваас тэд таны зорилгыг ойлгохоо больдог. Толины нөлөө тэднийг доромжилж, сэтгэлээ нуухад нь саад болно. Тэдний сэтгэл санаанд толь тусгаснаар та адилхан зүйлийг үнэлдэг мэт хууралтыг төрүүлж чадна. Үйлдлийг толь шиг давтсанаар тэдэнд хичээл заана. Ер нь толины нөлөөний эрх мэдэлд тэсвэрлэж гардаг хүн тун цөөхөн.

-Өөрчлөлт хэрэгтэй хэмээн уриал. Гэхдээ хэт их өөрчлөлтөөр бүү хөөцөлд. Өөрчлөлт хэрэгтэй гэдэг нь хүн бүрт ойлгомжтой. Гэвч хүмүүс энэ өдрөөрөө амьдардаг учраас дадал зуршилтай болсон байдаг. Хэт их өөрчлөлтийг хүлээж авах чадваргүй. Үймээн самуун үүсдэг. Та эрх мэдэлд тэмүүлж байгаа юмуу эсвэл дөнгөж сая эрх мэдэлтэй болсон бол хуучин арга барилыг хүндэлж байгаа мэт жүжиг тавих ёстой. Хэрэв өөрчлөлт зайлшгүй шаардлагатайг мэдэж байгаа бол өнгөрсөнийг бага зэрэг засч байгаа мэт төрх үүсгэнэ.

-Хэзээ ч хэт төгс мэт бүү харагд. Бусдаас илүү мэт харагдах нь үргэлж аюултай байдаг. Гэтэл ямар ч сул тал нүгэлгүй мэт харагдах нь бүр аюултай. Атаа жөтөө хамгийн олон нууц дайсныг төрүүлдэг. Ухаалаг хүн үе үе сэв үзүүлж байдаг. Хоргүй алдаануудаа хүлээх замаар атаа жөтөөнөөс хамгаалдаг. Ганцхан бурхан болоод талийгаачид л юунаас ч айлгүй, төгс төгөлдөр мэт тодорч болно.

-Зорилгоосоо цааш бүү алх. Ялмагцаа хэзээ зогсохоо мэдэж бай. Ялалтын агшин бол хамгийн аюултай мөч байдаг. Ялалтандаа шатаж, өөртөө хэт итгэсэн хүн зорилгынхоо хажуугаар цаашаа алхдаг. Хэт лавширах тусам улам олон дайсантай болж ялж чадахгүйд хүрнэ. Сайтар бодох ба төлөвлөх маш чухал. Зорилгоо тодорхойлоод хүрэнгүүтээ зогсож сурах хэрэгтэй.

-Ямар ч хэлбэргүй бай. Тодорхой хэлбэртэй, ил тод төлөвлөгөөтэй болох үед та бусдын довтолгоонд өөрийгөө нээж өгнө. Хэлбэрт орж дайсандаа довтлох боломж олгохгүйн тулд байнга өөрчлөгдөж бас хөдөлж байх хэрэгтэй. Мөнхийн хууль гэж байдаггүй. Бас үргэлж тодорхой юм ч гэж байдаггүй. Өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга нь ямар ч хэлбэргүй, урсамтгай яг ус шиг байх явдал. Бүх юм хувьсан өөрчлөгддөг.

-Улс төрөөс өөр аль нэг салбарт нэрд гараагүй бол сонгуульд ялах нь тун хэцүү болж ирдэг.

-Хүмүүсийн хувьд таньдаг хүндээ голчлон санал өгдөг талтай. Учир нь олонхи таньдаг хүнээ сайн хүнд тооцдог. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр зураг хөрөг нь байнга гарч байх тусам сонгуульд ялах магадлал тэр хэрээр ойртдог.

-Нийгмийн амьдралд идэвхитэй оролцох явдал чухал түлхэц болдог.

-Хэрэв та нэр хүндтэй хүн байхыг хүсвэл сэтгүүлчидтэй харьцах харьцаандаа онцгой анхаарах ёстой. Яаж ийгээд тэднийг найз нөхдөө болговол зохино. Сэтгүүлчидтэй хэзээ ч муудалцаж болохгүй.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл имиджийг өсгөдөг гэдгийг хатуу ойлгож аль болох тэднийг ашиглан өөртөө реклам хийхийг хичээх ёстой.

-Нэгэн зорилготой тасралтгүй үйлдэл аливаад амжилтанд хүргэдэг.

-Тал засах, ухрах, бусдыг туйлын соёлтой мөртлөө хатуу чанга харьцаагаар эрхэндээ оруулах зэрэг олон урлагт суралц.

-Өөрийгөө хэзээ ч бусадтай харьцуулах ёсгүй. Ингэж харьцуулбал хэзээ ч амжилт олдоггүй аж. Харин өөрийгөө энэ хорвоод давташгүй ганц хувь хэмээн итгэж өөрийнхөө хүч чадал ирээдүйд итгэлтэй байгаа хүн л амжилтанд хүрдэг жамтай.

-Олны өмнө гарч ичиж зоволгүй ярьж илтгэдэг чадвартай байвал зохино. Энэ бол өөртөө итгэлтэй байгаагийн нэг хэлбэр. Итгэл төрөхгүй бол сонгохгүй.

-Хүмүүсийн хэрэгцээн дээр тоглох хэрэгтэй. Тэр цагт таны шүтэн бишрэгчдийн арми бий болно. Угаасаа хүмүүс ямар нэгэн юманд итгэхийг л хүсдэг. Та энэ хүслийнх нь үзүүр болоорой.

-Таны царай төрхийг бараг хүн бүхэн мэддэг болгох ёстой. Хамгийн шилдэг арга нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Нийгэмд хэн хэрэгтэйг хэвлэлд мэдээллийн хэрэгсэл шийдэж байна. Зурагт ба сониноор байнга гарч байгаа хүмүүсийн алдар нэр хэмжээлшгүй өсдөг. Нэг үгээр хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь оддыг төрүүлэгчид юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр аль болох олон гарах тусам олон хүн түүнд итгэж дагаж эхэлдэг. Их бага том жижиг гэлтгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй найрсаг хандаж өөрийгөө сурталчилах хэрэгтэй. Өөрөө олны нүдэнд хурц гялалзах имиджтэй, ажил үйлстэй, ямар нэг үйлдэлтэй байвал зохино.

-Хэлэх хэлэхгүй үг гэж бас байна. Амны бэлигээс ашдын бэлиг гэдэг. Доорх үгсийг өөрийн үгийн баялгаас үүрд хасч хая.

Би чадахгүй, хэрэв тэгсэн бол, би айж байна, би эргэлзэж байна, тэгэж бодохгүй байна, цаг байхгүй, магадгүй, би итгэхгүй байна, боломжгүй, бүтэхгүй.

Харин эдгээр үгсийг дандаа хэлж хэвшвэл зохино. Би чадна, би хийе, мэдээж сайжирна, би мэдэж байна, цаг заавал гаргана, тодорхой, би итгэлтэй байна, би итгэж байна, заавал болгоно гэх мэт.

-Сонинд ярилцлага өгөх нь эрх мэдэлд хүрэх гол нөхцөлүүдийн нэг байдаг. Учир нь мэдээллийн хэрэгсэлүүдийн хамгийн олон хүнд хүртээмжтэй, урт настай гэж үздэг. Мөн хамгийн хямдаас гадна мэдээллээ дэлгэрэнгүй хүргэх боломжтой.  Бас нэг давуу тал нь хүмүүс сонинд маш их итгэдэг. Мөн сониныг хүмүүс дамжуулан уншдаг учраас нэг сониныг доод тал нь таван хүн дамжуулж уншдаг гэсэн тооцоо байдаг.

-Өөртөө итгэхгүй байвал эрх мэдэлд хүрэх боломжгүй. Эргэлзээ тээнэгэлзэл таны хүслийг нураана. Харин өөртөө итгэлтэй үед та гарцаагүй ялалт байгуулдаг.

-Бүх саад бэрхшээл, үр дагаварыг заавал тооцоорой. Цаг зуурын нөхцөл байдал саад бэрхшээл танд юу ч биш.

-Хүний бүтэлгүйтлийн хамгийн гол эх сурвалж нь айдас байдаг. Айдаст автсан хүн юу ч хийж чадахгүй. Бусад хүмүүс ч гэсэн таныг айлгахыг л эрхэмлэнэ. Эрх мэдэлд хүрэхэд хатан зоригтой болж төлөвших зайлшгүй шаардлагатай. Аймхай хүнийг өдөрт арав үхүүлж болдог. Арав үхсэн хүнд ажил үйлс эрхлэх сэрүүн сэргэг цаг мэдээж олдохгүй. Хэн ч юу ч гэж хэлж сүрдүүлж дарамталж байсан айхгүй байж сураарай. Танд юм ярьж байгаа хүмүүсийн 99,9 хувь нь зөвхөн өөрийн болоод бусдын айдсыг ярьж дамжуулж байгааг та хатан зоригтой болсон тэр цагаасаа мэдэрч эхэлнэ. Инээд хүрэх болно.

-Хүмүүстэй уулзаж ярилцахдаа өөрийнхөө тухай биш зөвхөн түүний тухай л яриад байх ёстой. Хүмүүс өөрийнхөө тухай яриаг л сонсдог. Их урт яриа ярьж огт болохгүй. Олонхи хүмүүс урт яриа сонсох чадваргүй байдаг.

-Таны нэр үе үе сонин хэвлэлээр гарах тусам өөртөө итгэх итгэлийг тань улам бадраана. Хэвлэл мэдээллийнхэн тантай уулзах сонирхол их болно.

-Нэрд гарахыг хүсэгч хэн ч байлаа гэсэн айлгүй худлаа ярьж сурвал зохино. Ялангуяа хүнд хэцүү хүүхэд насны тухай үлгэр зохиож ярих нь тун хэрэгтэй байдаг. Хамгийн ядуу даржин амьдралтай, бараг траншейнд өссөн тухай ярианууд нь олон нийтийн хайрлах сэтгэлийг өөртөө татах шилдэг арга ажээ.

-Өөртөө итгэлтэй байх нь амжилтын дохио юм. Хүмүүсийн анхаарлыг аль болох өөртөө татах үйлдэлүүд хийнэ. Уулнаас цанаар гулгах, жонглёр хийх, модонд авирах зэргийг сурч хэвлэл мэдээллийнхэн гүйлдэнэ.

-Наргианч зан заавал байх ёстой. Хурц наргиантай яриатай хүмүүсийг олон нийт өөрийн мэдэлгүй дагаж байдаг.

-Хүүхдэд их хайртай гэж олонд харагдах ёстой. Ингэхэд улс төрчид яагаад дандаа хүүхэд үнсэх юмуу тэвэрч зургаа авхуулдаг вэ? Халамжит эцэг, эх гэсэн ойлголт олон мянган хүнийг таны төлөө саналаа өгөхөд хүргэдэг.

-Сонин хачин цуглуулга хийх явдал нь тухайн хүнийг олны анхааралд өртүүлэх улмаар олны танил болоход нэн тустай байдаг. Яагаад ч юм хүн зурагт юмуу сонин хэвлэлд гарахад цуглуулгын тухай яриа нь бусдын ой санамжинд бөх бат үлддэг ажээ.

-Хүмүүсийн үл дэвших бас нэг шалтгаан бол бусдыг буруутгадаг явдал юм. Унаж яваа машин нь бусдаас хоцорвол үйлдвэрлэсэн улсыг хараана. Муу авбал багш руугаа бурууг чихнэ. Танай аав хүртэл зам дээр явж байгаад бусад машиныг зүхнэ. Хажуу айлын эр эхнэртээ уураа гаргаж хашгиран нударга буулгана. Төв талбай дээр ард түмэн жагсаж, ядууралд засгийн газар буруутай хэмээн хашгиралдана. Гэтэл үнэндээ хамгийн гол буруутан нь хүн өөрөө л байдаг. Өөдлөх дэвших зам маш өгсүүр хүнд хэцүү. Таваг дээр тавиад ирдэг албан тушаал хаана ч байхгүй.

Та бусдыг буруутгаж биеэ өмөөрөхөө боль. Элдэв хүндрэлгүй, асуудалгүй амьдрал хаана ч үгүй. Гагцхүү үхдэл л өвчин тусдаггүй байх даа.

Тулгарсан хүндрэл бүрт нэг сайн тал заавал байдаг. Яг энэ сайн талыг олж хараад ашиглаж сурч чадсан тэр үеэс та дэвшиж эхэлнэ.

-Хүн эхэлж бодоод дараа нь үйлдэл хийдэг. Харин бодохын тулд өөртөө хэлэх үгээ анхаарч хянах ёстой. Хэрэв та өөртөө болохгүй, бүтэхгүй, чадахгүй хэмээн ярьж эхэлбэл яг л энэ ёсоор болно.

-Эрх мэдэл олж авах олон арга замуудын нэг нь нөлөө бүхий хүнтэй ойртох явдал юм. Ойртох гэдэг үгийг эрчүүдийн хувьд шадарлах, нөхөрлөх, танилцах, түүний дэргэд байнга байх гэх мэт утгаар ойлгож болно. Эрх мэдэлтэй байх нь санхүү болоод амьдралын хангалтын баталгаа болж байж учраас эрх мэдэлтнүүдтэй шадарлах нь хамгийн зөв алхам юм. Энэ хэрээр хийморьтой амьдардаг.

-Ямар ч доромжлол шүүмжлэл ирж байсан ч санасандаа заавал хүрэх эр зоригтой мохошгүй бай




tv-buuhia.mn

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

клип
миний дуртай
хэнд ч уншуулахгүй
шүлэгүүд
Програм хангамж

Сүүлийн бичлэгүүд

Лидер улс төрч болох зарчимууд
Хамгийн хамгийн
Монголоо санаж байна шүү
Ану
Амьдрал

Найзууд




:-)
 
xaax